Аппликейшин татах

Сайн CV бичих зөвлөгөө

CV буюу Curriculum Vitae гэдэг нь хувь хүний боловсрол болон ажлын туршлагын товч намтар юм. CV-г өөрөөр “resume” ч гэж хэлдэг. Ажил хайх, ажилд бүртгүүлэхэд түхайн байгууллагын анкетыг бөглөн илгээх эсвэл өөрийн бичсэн CV-г ашиглана. Ажлын зар дээр байгууллагын анкет, CV хоёрын алийг илгээх нь зохистойг заасан байдаг. CV бичихдээ хамгийн чухал нь CV бол өөрийгөө ажил олгогчид “зарах” маркетингийн баримт бичиг гэдгийг мартаж болохгүй. Ажил олгогч ажилтан сонгон шалгаруулахдаа CV дээрх мэдээлэл дээрээс үндэслэн эхний шатны сонгон шалгаруулалтыг хийдэг. Тэгэхээр таны CV таныг бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц, ажил олгогч тантай биечлэн уулзах хүсэл сонирхолыг төрүүлэхүйц байх ёстой. Хэрэв та өмнө нь хэзээ ч CV бичиж үзээгүй бол санаа зовох хэрэггүй. Манай вэб хуудас дээр байрлуулсан CV бичих програмыг ашиглан хэдхэн хормын дотор та өөрийнхөө CV-г бий болгон pdf файл хэлбэрээр хадгалж хүссэн ажилдаа илгээх боломжтой. CV бичих тогтсон ганц зөв хувилбар гэж байхгүй ч логик дэс дараалалтай, утга найруулга сайтай, үг үсгийн алдаагүй бичигдсэн CV бол таны нэрийн хуудас болж хүссэн ажилдаа орох эхний алхам болно. Туршлагатай хүний нөөцийн ажилтнууд CV хэрхэн бичигдсэн байдлаас үндэслэн ажил хайгчийн ерөнхий хандлагыг тандаж чаддаг. Ажил олгогч нэг CV-тэй танилцахдаа дунджаар 45 секунд зарцуулж “сонирхохгүй”, “магадгүй”, “сонирхол татаж байна” хэмээн ангилдаг байна. Судалгаагаар ажил олгогчид CV дээрээс дараах зүйлсийг хамгийн чухалчилж хардаг байна.

45% Ажлын туршлага

35% Мэргэшил, ур чадвар

25% Уншихад хялбар байдал

16% Үзүүлсэн амжилт

14% Зөв бичих дүрмийн алдаа

9% Боловсрол

3% Карьерийн зорилт, хүсэл эрмэлзэл

2% Үгийн сонголт 1% Холбоо барих мэдээлэл

1% Компьютерийн ур чадвар

CV-нд юу бичих вэ? Хувийн мэдээлэл хэсэгт овог нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг байна. Хэрэв та аль нэг байгууллагад CV-ээ илгээсэн бол утсаа нээлттэй байлгаж, цахим шуудангаа тогтмол шалган чих тавьж байхад гэмгүй. Та CV-ндээ зураг оруулахдаа хуудасны дээд буланд мөрнөөс дээш толгой хэсгийг бүтэн оруулсан, албан байдлаар хувцасласан, бага зэрэг инээмсэглэсэн зураг сонгоорой (селфи биш).

Товч танилцуулга хэсэг нь таны CV-ний “өмнөх үг” гэсэн үг. Энэ нь CV-ний хамгийн эхэн хэсэгт, холбоо барих хувийн мэдээллийн дараа байрлах ба энэ хэсгийн гол зорилго нь таны бусдаас ялгарах байдал, таны байгууллагад оруулах хувь нэмрийг илтгэх зорилготой. Өөрийн ур чадвар, үзүүлсэн амжилтаа маш тодорхой харуулсан мэргэжлийн намтараа 2-5 өгүүлбэрт багтаан бичнэ. Жишээ нь: 15 жилийн ажлын туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч. 10 хүнтэй санхүүгийн баг удирдан ажиллаж байсан. Олон улсын санхүүгийн Oracle, SAP программууд дээр ажиллах бүрэн чадвартай.

Ажлын туршлага хэсэгт өмнө нь эрхэлж байсан ажлын мэдээллээ оруулна. Тухайн албан тушаалд ажиллаж байхдаа гүйцэтгэдэг байсан гол үүргүүдийг дурьдана. Ингэхдээ үйл хөдлөлийг заасан түлхүүр үгнүүдийг түлхүү оруулах хэрэгтэй. Зохион байгуулсан, удирдсан, хөгжүүлсэн гэх мэт. Энд анхаарууштай зүйл нь өөрийн ур чадвараа хийдэг байсан ажилтайгаа уялдуулаарай. Онцгой үүрэг гүйцэтгэсэн эсвэл санаачлагаараа байгууллагадаа томоохон хувь нэмэр оруулсан бол үүнийгээ бичих нь таныг бусдаас ялгарч харуулахад туслана. Жишээ нь борлуулалтын ур чадварын талаар сургалтыг сард 1 удаа заасан гэх мэт.

Боловсрол, мэргэжил хэсэгт төгссөн их дээд сургуулийн нэр, боловсролын зэрэг, эзэмшсэн мэргэжил, төгссөн он зэрэг байна. Сайн голч дүнтэй төгссөн бол дүнгээ оруулж бичиж болно.

Амжилт хэсэг бол бас нэгэн чухал хэсэг. Авсан гавьяа шагнал, цол, тэмцээнд байр эзлэх, нийтлүүлсэн ном сэтгүүл гэх мэт томоохон амжилтуудаа бичнэ. Мөн үүнээс гадна өмнөх болон одоо ажиллаж байгаа албан тушаал дээрээ үзүүлсэн амжилтаа оруулаарай. Жишээ нь компанийн жилийн борлуулалтыг 10% өсгөсөн гэх мэт.

Хобби/сонирхол хэсгийг маш товч, тодорхой бичих нь зүйтэй. Хоббиг бичихдээ идэвхгүй, тусгай ур чадвар шаарддаггүй зурагт үзэх, ном унших гэх мэт хоббиг нэрлэхээс татгалз. Сонирхож буй ажлын байртай холбоотой хобби байдаг бол CV-ндээ оруулах нь зүйтэй. Таныг манлайлагч гэдгийг илтгэх ямар нэгэн туршлага бий бол энэ тухайгаа дурдаарай. Жишээ нь, Оюутны холбооны дарга байхдаа холбооны төсвийн зарцуулалтыг хянаж, 5 гишүүнтэй багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан гэх мэт.

Ур чадвар хэсэг дээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат (Жишээ нь Мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх), гадаад хэлний мэдлэгийн түвшин болон компьютерийн хэрэглээний ямар программууд дээр ажиллаж чадахаа бичнэ. Үүнээс гадна хувь хүний soft skill буюу өөрт буй онцлох авьяас, чадвараа дурдаж болно. Жишээ нь: хүнтэй харилцах чадвар, удирдан зохион байгуулах гм.

Лавлагаа/reference буюу таны CV-нд дурдсан мэдээллийн үнэн бодит гэдгийг нотлох, таныг тодорхойлох хүмүүсийн холбоо барих мэдээллийг шууд CV дээрээ оруулалгүй, ажил олгогч хүссэн үед нь өгөөрэй. Учир нь ажил олгогч CV дээрх мэдээллийг үндэслэн эхний сонгон шалгаруулалтаа хийдэг. Ихэнх тохиолдолд компаниуд анкетын шалгаруулалтаар тэнцсэн хүмүүсийг нэгдүгээр шатны ярилцлаганд урьж уулзсаны дараа сонирхсон ажил хайгчдыг short list буюу дахин шалгаруулалтанд үлдээж reference/background check буюу боловсрол, өмнөх ажилласан байдлын талаар нь лавлагаа хийдэг. Хүний нөөцийн мэргэжилтнүүд тухайн ажил хайгчийн шууд удирдлага, паралел ажиллаж байсан ажилтан, удирдах албаны ажилд өрсөлдөж буй бол удирдлага доор нь ажиллаж байсан ажилтнууд, дөнгөж сургууль төгсөгчдийн хувьд ангийн багшаас нь лавлагаа авахыг эрмэлздэг. Ингэхдээ тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар мэдлэгийн хувьд ажлын гүйцэтгэл хэр байсан болон хувь хүний зан араншин, багийн тоглогчийн хувьд хэр болох, ажлаас гарсан шалтгаан зэргийг нягталдаг. Анхаарах зүйлс CV хэдэн хуудас байх тухайд 15-аас доош жил ажилласан ажлын түршлагатай хүний CV нэг хуудсанд багтсан байхыг хэвийн гэж үздэг. Ажил олгогчид маш олон CV ирдэг учир тэр бүгдийг унших цаг зав хомс байдаг. Үүнээс гадна CV бичихдээ дараах түгээмэл алдаа гаргахаас зайлсхийгээрэй.

- Зөв бичих дүрмийн алдаа

- Зарлагдсан ажлын байрны шаардлагад нийцүүлээгүй

- Хэт товч

- Загвар нь ойлгомжгүй, уншихад төвөгтэй, хэт том эсвэл хэт жижиг фонтоор бичигдсэн

- Үзүүлсэн гаргасан амжилтын талаар огт дурдаагүй

- Холбоо барих цахим шуудан, утас нь буруу алдаатай, ажилладаггүй

- Худал зүйл бичсэн

- Хэний ч мэдэхгүй товчилсон үгнүүдтэй

Ингээд таны CV бэлэн боллоо. Та манай веб хуудсан дээрх нарийвчилсан хайлтын системийг ашиглан өөрт тохирох ажлаа эрж олон, өөрийн бичсэн CV-гээ зарын дагуу илгээгээрэй. Хүссэн ажилдаа ороход тань амжилт хүсье!

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?