Аппликейшин татах

Сайн ажилтнаа тогтоон барих 10 арга

Удаан хугацаанд хайсны эцэст чадварлаг сайн ажилтанаа олж, ажилд авлаа. Одоо ахиад эрэл сурал болохгүйн тулд ажилтнаа тогтоон барих хэрэгтэй. Ажлаа сольсон хүмүүсийн гол шалтгаан нь илүү өндөр цалин, бонус, бусад мөнгөн тэтгэмжтэй холбоотой байдаг. Гэхдээ өөрсдийн ажилтнууддаа энэ бүгдийг хангалттай өгчихөөд тэднийг хэзээ ч ажлаасаа гарахгүй гэж бодож суувал том эндүүрэл болно. Чадварлаг ажилтнаа алдахгүйн тулд мөнгөн бус хөшүүргүүдийг судлаж, тохиромжтойг нь байгууллага дээрээ тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

  1. Ажилтан бүр байгууллагад үнэ цэнэтэй, хувь нэмэртэй гэдгийг байгууллагын удирдлага ойлгодог үнэлдэг гэдгийг харуулахуйц орчин бүрдүүл. Ажилтантайгаа нэрээр нь дуудаж мэндэл. Тэднийг ч бас хүндэлдэг гэдгээ харуул.
  2. Байгууллага ажилтан бүрээс яг ямар хүлээлттэй байдаг вэ гэдгийг тодорхой байлга. Ажилтан бүр маш ойлгомжтой бичигдсэн ажил үүргийн хуваарьтай, түүнийгээ бүрэн дүүрэн мэддэг байхад нь тусла.
  3. Нээлттэй, шударга байдлыг баримтал. Ажилтан удирдлага хоёрын хооронд хоёр талт урсгалтай харилцааны хэв маягийг бий болго. Ажилтнаа анхааран сонс. Тэдний санал бодол, гомдол, шүүмжлэл, шинэ санал санаачилгыг хүлээн ав. Хүссэн болгоныг нь хэрэгжүүлэх боломжгүй байлаа ч сайн ярилцагч тэднийг бодлоо нээлттэй хуваацсанд нь талархах сэтгэл, итгэлийг бий болгож чаддаг. Ажилтны гаргасан хүсэлтэнд заавал, бүр заавал хариу өгч хэвшээрэй. Хэрэв байгууллага дотор асуудал тулгарсан бол тэрийгээ түлхүүр ажилтнууддаа нуулгүй зөв мэдээллэх нь байгууллага дотор аливаа сөрөг цуурхал, хий хоосон айдсыг бий болгохоос сэргийлнэ.
  4. Ажилтнуудын өсөлт дэвшилтэнд анхаарсан бодлого хэрэгжүүл. Ажилтнуудаа зохих сургалтанд хамруулж, төлбөрийг нь байгууллагаас хариуцаж болно. Сургалтын төлбөрийг үргүй зардал болгохгүйн тулд зарим байгууллагууд сургалтанд суулгасан ажилтантай тусгай гэрээ байгуулдаг жишиг ч бий.
  5. Амжилт гаргасан, сайн ажилласан ажилтны хичээл зүтгэлийг урамшуулан зарла. “Сайн ажиллаа, сайн байна” гэхийн оронд “Хамгийн сүүлд хийсэн маркетинг маш сайн болсон байна, сайн байна” гэх зэргээр илүү тодорхой байдлаар хэлсэн магтаал хүний сэтгэлд илүү хүрдэг. Гэхдээ худлаа магтаал хэлэх нь харин ч эсрэгээрээ үйлчилж, хүнд итгэл итгэлийг бууруулдаг гэдгийг санаарай.
  6. Цалингаас бусад байдлаараа өрсөлдөхүйц давуу талууд бий болгох бүтээлч арга замуудыг эрэлхийл. Жишээ нь гэрээсээ ажиллах боломж, зайнаас хуралд оролцох боломж (Skype видео конференс) олгох, ачаалал ихтэй ажилласны дараа урашмуулал болгож нэг өдөр цалинтай чөлөө өлгох, баярын урд өдөр эрт тарах, ажилтны байгууллагад ажиллаж эхэлсэн өдрийг жил бүр тэмдэглэх гэх мэт.
  7. Бага ч гэсэн тусламж дэмжлэг болохуйц зүйлсийг санал болгох. Эдгээр нь ажилтны хувь хүний хөгжил, хобби, эрүүл мэндийг дэмжсэн байвал зохимжтой. Жишээ нь, фитнесс төвд хямдралтай үйлчлүүлэх эрх, өглөө ажил эхлэхээс өмнө иог дасгал хичээллүүлэх, хими цэвэрлэгээ, эрүүл мэндийн үйлчилгээ хямдралтай авах эрх, Даваа гариг бүр эрүүл өглөөний цай санал болгох гэх мэт олон хувилбарууд бий.
  8. Ажилтнаа “үлдээх” ярилцлага хийх. Ажлаас гарч буй ажилтантай ажлаас гарах үеийн ярилцлага хийхээс гадна удаан хугацаанд ажиллаж буй ажилтнуудаасаа яагаад өнөөг хүртэл ажилласан хэвээр байгааг асууж мэдэх хэрэгтэй. Ийм ярилцлагын үеэр асууж болох асуултууд: Та яагаад энэ байгууллагад ажилд орсон бэ? Өнөөдрийг хүртэл ажилласаар байгаагийн гол хүчин зүйлүүд юу вэ? Юу таныг ажлаа солиход хүргэх вэ? Таны менежер хэр ажиллаж байна? Та ажлын байрныхаа юуг өөрчлөх, сайжруулах саналтай байгаа вэ? Ярилцлагын үеэр цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн ажилтнаа тогтоон барих стратегиа улам сайжруул.
  9. Нэн тэргүүнд байгууллага дотроосоо тушаал дэвшүүлэхийг хичээ. Томоохон байгууллагууд нээлттэй ажлын байрны талаар эхлээд ажилтнууддаа хандсан зар гаргадаг. Мөн ажилтан бүрт байгууллага дотор өсөн дэвших карьер замналыг тодорхойлж өг. Үүнийг хийхдээ шууд тулгах бус ажилтны санал бодлыг оролцуулах замаар хийвэл аль аль талдаа илүү үр дүнтэй болно. Ажилтнууд компани дотор өөрт нь ирээдүй байхгүй гэж бодсон л бол өөр ажил нууцхан хайж эхлэнэ.
  10. Дунд шатны менежер, алба хэлтсийн дарга нарын удирдан зохион байгуулах авьяас чадварт анхаарлаа хандуул. Ихэнх тохиолдолд хүн байгууллагаас бус даргаас болж ажлаасаа гардаг. Дунд шатны удирдах албан тушаалтангууд нь манлайлах чадваргүй л бол хичнээн сайн ажилтнууд доор нь ажиллаад нэмэргүй. Ажилтнуудаас ирж буй тэдний удирдлагын талаарх санал гомдол бүрийг няхуур хүлээн ав. Менежерийн манлайлах чадварууд дундаас ажилтны ажлын гүйцэтгэлийн талаар өгч буй үнэлгээ, байгууллагын ажилтнаас хүлээж буй хүлээлтийн талаар ойлгуулж чадаж байгаа эсэх, товлосон хурал уулзалтандаа оролцож байгаа байдал зэргийг онцгойлон анхаар.

 

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?