Аппликейшин татах

Сайн удирдагч байхын нууц

Энэ дэлхийн бүх хүнийг ердөө 2 төрөлд ангилж болно. Байлдан дагуулагчид (сүүлийн үед лидерүүд, манлайлагчид гэж нэрлэх болсон) ба дагалдагчид. Дагалдагч байхын муу зүйл гэж байхгүй. Бүх цаг үеийн лидерүүд нэгэн цагт дагалдагчийн байр суурьнаас эхэлсэн байдаг. Гэхдээ тэд ухаалаг дагалдагчид байсны хүчинд удирдагчаасаа тасралтгүй суралцан хүчирхэг лидерүүд болон хөгжсөн байдаг. Жинхэнэ лидерүүд дараахь нийтлэг шинж чанаруудтай байдаг байна.

  1. Өөрийгөө хянаж чаддаг.

Өөрийгөө удирдаж чаддаггүй хүн хэзээ ч бусдыг удирдаж чадахгүй. Удирдагч хүн биеэ барьж чаддаг байх нь түүний багийнханд сайн үлгэр дууриал болж чаддаг. Энэ нь цаашлаад багийн уур амьсгал, баг доторх хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.

  1. Зоригтой байдал.

Өөртөө болон өөрийн ажил мэргэжилдээ үргэлж итгэлтэй хандаж чаддаг хүнийг дагалдагчид нь хүндэлж, биширдэг. Аймхай, өөртөө итгэлгүй хүнийг хэн дагахыг хүсэх билээ.

  1. Шударга ханддаг.

Бүх асуудалд болон хүмүүст шударга хандаж чаддаггүй хүн дагалдагчдынхаа итгэл хүндлэлийг олж авч чадахгүй.

  1. Шийдэмгий зан.

Шийдвэрээсээ эргэж буцдаг хүн өөртөө итгэлгүй байгаагаа харуулдаг. Шийдэмгий бус зан хэзээ ч сайн зүйлд хөтөлдөггүй бөгөөд дагалдагч нарт ч төвөгтэй байдал үүсгэдэг.

  1. Тодорхой төлөвлөгөөтэй байдаг.

Амжилтанд хүрсэн удирдагч хүнд заавал төлөвлөгөө байдаг, төлөвлөгөөгөө тултал нь хийсэн байдаг. Таамгаар ажилладаг хүн бол залуургүй завьтай адил, хэзээ нэгэн цагт хад мөргөх нь гарцаагүй.

  1. Авсанаасаа илүүг хийдэг зантай.

Лидер байхын нэг хэцүү тал нь шаардлагатай үед удирдлага доороо ажилладаг хүмүүсээс илүү ихээр ажиллахад бэлэн байх явдал юм.

  1. Сайхан зан ааш.

Манлайлал хүндлэлийг дууддаг. Бусдын хүндлэлийг авахын тулд ая таатай зан ааш зайлшгүй хэрэгтэй. Энэ нь үргэлж хайлсан тугалга мэт бай гэсэн үг биш бөгөөд энгийн үед бусадтай эелдэг найрсаг харьцахыг хэлж байгаа юм. Удирдагч хүн хэцүү үед хэцүү шийдвэр гаргасан ч гаргасан шийдвэртээ бат зогсож чадах эр зоригтой байхыг давхар сануулна.

  1. Бусдыг ойлгодог байх нинжин сэтгэл.

Чадварлаг удирдагч бусдын зовлон бэрхшээлийг хүнлэгээр хүлээн авч чаддаг, бусдыг ойлгодог байх ёстой.

  1. Бүх хариуцлагыг өөр дээрээ үүрэхийг хүлээн зөвшөөрдөг.

Амжилттай лидер хүн багийнхаа нийт гишүүдийн өмнөөс зарим тохиолдолд тэдний буруутай үйлдлээс болсон ч эцсийн үр дагаварт өөрийн биеэр хариуцлага үүрч чаддаг, ингэхээс татгалздаггүй байж чаддаг. Дайнд ялагдсан жанжин цэргүүддээ бурууг тохдоггүйн адил. Хэрвээ ажилтан нь алдаа гаргавал, ажлыг гүйцэтгэхэд ур чадвар дутуу гэдэг нь нотлогдвол, удирдагч өөрийгөө буруутайд тооц.

  1. Хамтран ажиллах чадвар.   

Амжилттай яваа лидер хүн хамтран ажиллах хичээл зүтгэлийг үнэлдэг, дагалдагчдаа ч мөн адил ингэж хандахыг сургаж чаддаг байх ёстой. Манлайлал гэдэг эрх мэдлийг дагуулдаг. Эрх мэдэл хамтын ажиллагаа, нэгдэлийг шаарддаг. Манлайллын 2 хэлбэр бий. Эхнийх нь буюу харилцан зөвшилцөлийн үндсэн дээр манлайлах нь хамгийн үр дүнтэй бөгөөд удаан хугацаанд оршин тогтнох чадвартай байдаг. Нөгөө хувилбар нь буюу хүчээр түрэмгийлэн манлайлах нь дагалдагчдыг хүлээн зөвшөөрөөгүй байхад нь дагуулахыг оролдох юм. Хүчээр манлайлах нь ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг харуулсан түүхийн олон жишээ бий. Диктатур, хаанчлалын эрин үе энэ шалтгааны улмаас мөхсөн. Ингэж хүсээгүй байхад нь хүчлэх нь хүн төрөлхтөн хүчээр оноосон манлайллыг удаан хугацаанд хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийн нотолгоо юм.

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?