Аппликейшин татах

Менежер хүний үндсэн үүрэг

Менежер хүн ер нь юу хийдэг вэ? Юу хийдэг вэ гэхээсээ илүү юу хийвэл зохистой талаар өнөөдрийн нийтлэлдээ өгүүлье.

Орчин үеийн бизнес менежментийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан Америкийн зохиолч, бизнесийн зөвлөх Петр Дракер нь 1954 онд Менежментийн Практик нэртэй ном бичсэн бөгөөд энэ ном нь менежмент гэдэг ухагдахууныг бие даасан мэргэжил хэмээн тайлбарлаж, байгууллагад менежментийн гүйцэтгэх ёстой 5 гол үүргийн талаар онцолжээ. Петр Дракерийн энэхүү номны гол санаануудад тулгуурласан олон арван ном, сурах бичиг хэвлэгдэж, түүний ном нь өнөөдөр ч менежер, удирдах албан тушаалтнуудын зайлшгүй унших ёстой номнуудын нэгт зүй ёсоор тооцогддог байна.

 

Дракерын номлосон 5 үүрэг

Дракерын бичсэнээр менежер хүний тэргүүн зорилго бол ажилтнуудыг үр бүтээмжтэй байлгах бөгөөд ингэхийн тулд менежер хүн дараах 5 үүргийг гүйцэтгэх ёстой гэжээ. Үүнд:

  1. Ажилтан тус бүрд ажлын зорилго бий болгох
  2. Ажлын даалгаваруудыг зохион байгуулах, зөв хүнд нь зөв ажил хуваарилах
  3. Ажилтнуудыг сэдэлжүүлэх, баг дотроо болон байгууллага дотор мэдээлэл дамжуулах
  4. Төлөвлөгөө гаргах, үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг бий болгох
  5. Байгууллагын хамгийн чухал хөрөнгө болох бүх ажилтнуудыг сургах, хөгжүүлэх, халамжлах

Менежментийн онол бүхий Дракерын ном хэвлэгдэн гарснаас хойш менежмент, манлайллын тухай номнууд тасралтгүй хэвлэгдэн гарсаар байгаа хэдий ч зарим туршлагатай менежерүүд хүртэл өөрийн үндсэн үүргийн талаар дутуу ойлголттой байсаар байна. Өнөө үед байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, өсөлт хөгжил нь дунд шатны менежерүүд буюу баг удирдсан хүмүүсийн ур чадвараас шууд хамааралтай болсноор 60 жилийн өмнө Дракерын заасан 5 үүрэг нь улам дэлгэрэнгүй болж 10 болж нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.  

 - Чадварлаг ажилтнаар багаа бүрдүүлэх. Бүх ажил эндээс эхэлдэг. Чадварлаг багтай байхад бусад нь амархан. Сайн ажилтан ажилд авна гэдэг нь зөвхөн хүний нөөцийн ажил үүрэг биш юм. Менежерүүд ажилтан сонгон шалгаруулах процесыг өөрсдийн үндсэн үүргүүдийн нэг гэж тооцож, энэ ажилд идэвх зүтгэл гарган ажиллах шаардлагатай. Байгууллага ч үүнийг хүлээн зөвшөөрч менежерт энэ боломжийг бий болгож өгөхөөр зохион байгуулах хэрэгтэй.

 - Гүйцэтгэлийн менежмент хийх. Энэ нь маш өргөн хүрээтэй функц бөгөөд товчоор хэлбэл менежер нь ажилтантайгаа тулж ажиллахыг хэлнэ. Үүнд ажилтны хүрвэл зохих зорилтыг тодорхойлох, удирдлага болон ажилтны харилцан хүлээлтийг тодорхой болгох, ажилтныг сургах дадлагажуулах, ажлын биелэлтийг хянах, ажлын гүйцэтгэлд гарч буй асуудалд анхаарлаа хандуулах, ажилтанд ажлын гүйцэтгэлийнх нь талаар хариу дүгнэлт өгөх зэрэг орно. Менежер хүн эдгээр ажил үүргүүдэд ажлын цагын ихэнх хэсгээ зарцуулах ёстой гэж үздэг байна.

 - Багийн хөгжил. Ажилтан тус бүрийн ажлын гүйцэтгэлээс гадна менежер хүн багийн гүйцэтгэлд анхаарах ёстой. Бие биенээсээ харилцан хамааралтай баг нь тус тусын үүрэгт ажлаа хийдэг багаас илүү бүтээмж өндөртэй байдаг байна.

 - Үйл ажиллагааны замналыг чиглүүлэх. Менежер хүн багийн богино болон урт хугацааны зорилтыг удирддаг. Үүнд эрхэм зорилго, алсын хараа, зорилтууд орох ба эдгээрийг бүхэлд нь стратеги гэнэ. Менежер хүн үргэлж асуудлыг том зүргаар харж, үйл ажиллагааны хэрэгжилт алсын хараатай хэрхэн нийцэж буйг тунгааж, түүн дээр тулгуурлан шаардлагатай бол тэргүүнд тавигдах ёстой асуудлын дэс дарааллыг өөрчилж уян хатан хандахыг шаарддаг. Зарим тохиолдолд менежер багийн гишүүд зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг ч эцсийн бүлэгтээ менежер хүн багийн шийдвэрт хариуцлага үүрдэг.

 - Багийн чухал гишүүн байх. Менежер хүн багийн гишүүдээ тусалж дэмждэг байх хэрэгтэй. Энэ нь багийн гишүүдэд тулгарч буй асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх гэсэн үг юм.

 - Бусдын хийж чадахааргүй ажил үүргийг гүйцэтгэх. Хамгийн том CEO нарт ч гэсэн хэнд ч хариуцуулж боломгүй, зөвхөн өөрсдөө хийх ёстой ажлууд гэж байдаг гэнэ. Менежер хүн ч үүнтэй адил.

 - Нөөцийг зохистой удирдах. Энэ нь санхүүгийн болон хөрөнгийн нөөцийг баг дотор зөв зохистой хуваарилан зарцуулахыг хэлнэ. Гол зорилго нь шаардлагатай хэмжээнээсээ хэтрүүлэн хэрэглэлгүй, мөн үр ашиггүй зарцуулалтыг багасгах явдал юм.

 - Үйл ажиллагааны урсгал, чанарыг сайжруулах. Ажилтан бүр өөрийн ажлын чанарт хариуцлага үүрдэг бол менежер хүн бүх ажилтны ажлын чанарын нийлбэрт хариуцлага хүлээдэг. Ямар ч үед менежер хүн багийн ажлын урсгалыг амар хялбар, ойлгомжтой байлгахаар зохион байгуулалтыг хийх ёстой.

 - Хувийн хөгжилд анхаарах. Менежер хүн багаа хөгжүүлэхээс гадна өөрийгөө хөгжүүлэхээ мартаж болохгүй. Үүнд менежментийн ахисан түвшний сургалтанд хамрагдах, компанийн менежментийн хурал чуулганд оролцох, менежмент манлайллын чиглэлээр ном нийтлэл унших, ментортой болох, ажилтнуудаасаа feedback буюу шүүмж дүгнэлт хүлээн авах гэх мэтээр менежер хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж багийнхандаа үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.

 - Мэдээлэл хуваалцах. Байгууллага дотор мэдээлэл нь дээрээс доошоо, доороос дээшээ болон паралел урсгалаар чөлөөтэй явдаг байх хэрэгтэй (мэдээж нууцын зэрэглэлтэйгээс бусад). Менежер хүн мэдээллийн урсгалд хаалт болох ёсгүй. Ажилтнууд эрх тэгш бус мэдээлэлтэй байх нь үйл ажиллагаанд гажуудал үүсгэдэг.

Дээрх 10 үүрэгт манлайлал яагаад орсонгүй вэ гэж та гайхаж байгаа бол үүрэг бүрийн цаана манлайлал өөрөө оршин байдаг. Учир нь манлайлал гэдэг нь тусдаа нэгэн үүрэг биш, менежер хүний гүйцэтгэх ёстой үүрэг бүрийг үр дүнтэй болгож өгдөг суурь нь юм.        

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?