Аппликейшин татах

Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ?

Ажлын ярилцлагыг амжилттай хийхийн тулд урьдчилсан бэлтгэл хангах нь хамгийн чухал. Бидний бэлтгэсэн зөвлөмж таныг ярилцлагаа эхнээс нь дуустал зөв төлөвлөхөд тус болно гэж найдаж байна.

Ажил олгогч таныг ярилцлаганд урьсан бол та ямартай ч эхний шатны анкетын шалгаруулалтыг давжээ. Одоо харин юу хийх хэрэгтэй вэ? Ажил олгогч тантай утсаар холбогдож буй бол ярилцлага болох огноо, цаг, хаягийг сайтар тэмдэглэж аваарай.

Ярилцлагын өмнө

Гэрийн даалгавараа хий!

Таны эхний алхам бол тaныг ярилцлагад урьсан байгууллагын талаар мэдээлэл цуглуулах юм. Таны мэдэх ёстой гол зүйлс бол тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, түүх, алсын хараа, эрхэм зорилго гэх мэт юу хийдэг байгууллага юунд тэмүүлэн ажиллаж байна вэ гэдгийг ойлгох нь чухал.  Мэдээлэл цуглуулах энгийн аргууд бол байгууллагын веб хуудас, facebook хуудас руу нь орж үзэх, сонин хэвлэл дээр тухайн байгууллагын тухай гарсан нийтлэл байгаа эсэхийг шалгах, тэнд ажилладаг найз нөхөд бий бол тэднээс асууж болно. Ярилцлага гэдэг зөвхөн ажил олгогч таныг ажилд авах үгүйгээ шийдэх бус таны хувьд ч гэсэн тухайн байгууллагатай биечлэн танилцаж шийдвэр гаргах боломж байх болно.

Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү хоцор! 

Ярилцлагадаа хоцролгүй очихын тулд замын түгжрэлийг харгалзан хэдийд хэрхэн явах маршрутаа бодоорой. Харамсалтай нь маш олон тохиолдолд кандидатууд ярилцлаганд “түгжрээд“ гэсэн шалтагтай хоцорч ирдэг. Энэ нь ямар ч сайн мэдлэг туршлагатай хүнийг “хайнга”, “ажил олгогчийг үл хүндэтгэж байна” гэсэн сөрөг сэтгэгдэлтэй үлдээж, ярилцлагын хариуд нөлөөлөхөд хүргэдэг. Хэрвээ та зайлшгүй товлосон цагаас хоцрох болвол (хоцорсон байсан ч гэсэн) ажил олгогчтой утсаар холбогдож учир байдлаа тайлбарлан уучлалт хүсэж, ярилцлагыг дахин товлох боломжтой эсэхийг эелдэгээр асуугаарай. Ийм боловсон харьцаанд боловсон хүний нөөц татгалзах нь юу л бол.

Хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг хорвоо

Өөрийн гадаад төрх, өнгө үзэмжиндээ эртнээс анхаарал тавиарай. Таны хүсэмжит дүр төрх бол мэргэжлийн байдлаар цэвэрхэн хувцасласан, тайван өөртөө итгэлтэй байх явдал юм. Ярилцлаганд заавал костюм пиджак өмсөх албагүй ч албан хувцаслалт хамгийн тохиромжтой. Жолоочийн ажлын байрны ярилцлаганд ирсэн олны дунд нүд гялбам цагаан сорочк өмсөж зангиа зүүсэн тэр л хүнд бусдаас илүү хүндлэл үзүүлвэл гайхах зүйлгүй. Бас нэг санах зүйл нь гадуур хувцасаа ярилцлагын өрөөнд орохын өмнө тайлж өлгүүрт үлдээх эсвэл гартаа тохож орвол зохимжтой байдаг. Мөн хэт их үнэртэй ус цацах, тамхины үнэр үнэртүүлэх гэх мэт хүмүүсийн нийтлэг гаргадаг алдааг бүү давтаарай. 

Бичиг баримтын бүрдлээ шалга

Ярилцлага болох газар тань НҮБ шиг өндөр харуул хамгаалалттай нэвтрүүлдэг барилга биш биз? Юмыг яаж мэдэхэв гээд иргэний үнэмлэх, машинаа төлбөртэй зогсоолд тавих шаардлага гарвал хэрэглэх бэлэн мөнгө аваарай. Ярилцлагын өрөөнд таны барьж орох хавтсанд их сургуулийн дипломын хуулбар, CV, өмнөх ажлын газрын тодорхойлолт, хэвлэсэн ажлын зар заавал байх хэрэгтэй. 

Асуулт, хариултын бэлтгэл

Ярилцлагын үед түгээмэл тавигддаг асуултуудад хэрхэн хариулахаа бэлдээрэй. Хариулт 2-3 минутанд багтах хэмжээний байна. Хариулахад төвөгтэй асуултуудыг бодож түүнд тохирох хариултаа ч бас бэлдэнэ. Ажлын зарыг дахин анхааралтай уншиж ажил олгогчийн тавьж буй шаардлагыг хэрхэн хангаж буйг ярихдаа голчлон анхаараарай. 

Сэтгэлзүйн бэлтгэл

Мэргэжлийн тамирчин ялалтыг сэтгэлдээ төсөөлж, багаж хэрэгсэлээ шалган тэмцээнд ордог. Үүнтэй ижил та ч бас ярилцлага сайхнаар явагдаж буйгаар төсөөлөн бодoж, эерэг бодлоор өөрийгөө цэнэглээрэй. Гэхдээ та өөрийн хүсэн хүлээсэн компанидаа ярилцлаганд орох гэж байгаа ч гэсэн өөрийн бүх итгэл найдвараа бүгдийг нь нэг ярилцлагад бүү зориул. Ингэх нь таны сэтгэлзүйд хортой. Амжилттай сайн ярилцлага хийнэ гэдэг бусад ямар ч зүйлтэй ижил дадлага хийх тусам улам сайжирдаг чадвар юм. Тийм учраас тан руу ирэх ярилцлагын урилга бүрийг таныг улам хүчирхэгжүүлж, мөрөөдлийн ажилд тань нэг шатаар ойртуулах алхам гэж хараарай.     

Ярилцлага хийх өдөр

Та ажил олгогч байгууллагын хаалгаар оронгуутаа хүлээн авагч, угтагтчтай нь заавал мэндлээрэй. Ярилцлага авагчтайгаа тод цовоо дуугаар мэндлэн гар барих нь сайхан эхлэл болдог. 10 тохиолдлын 9д нь танаас эхлээд асуух асуулт бол “Та өөрийгөө танилцуулна уу”. Энэ бол хамгийн чухал үе байна. Хариултын хамгийн зөв дараалал нь өөрийн овог нэр, төгссөн сургууль эзэмшсэн мэргэжил, сургууль төгссөний дараагаас эхлэх ажил эрхлэлтээ хххх оноос хххх он хүртэл тийм байгууллагад …. албан тушаалд ийм ийм ажлуудыг хийсэн гэх байдлаар товч дурдана. Ингэхдээ өөрийн гаргасан амжилт, хийсэн томоохон ажлын талаар заавал өгүүлнэ.

Таны гэр бүлийн байдал, аав ээж ах дүү гэр бүлийн гишүүдийн талаар асуугаагүй л бол ярих шаардлага байхгүй. Ярилцлагын бүхий л үеийн турш ярианы сэдвийг тухайн ажлын байранд та хэрхэн нийцэж буйг харуулахыг зорьж чиглүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна танд бусад ажил горилогчдоос ялгарах ямар давуу талууд байгаа, түүнийгээ ашиглан тухайн байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадахаа тодотгоорой. Ярилцлагын сэдэвтэй хамааралгүй зүйл рүү орох, хаалттай сэдвүүд болох улс төр, шашны талаар ярихыг хориглодог.

 Ярилцлагын үеэр урьдчилан тооцоолоогүй асуулт тулгарвал түр пауз авч хэрхэн хариулахаа бодож болно. Өөрийн ярианы өнгө, хурдаа анхаараарай. Хүн сандрахаараа амьсгаагаа түгжиж, хэт хурдан яриад эхэлдэг. Ингэхгүйн тулд гүнзгий амьсгаа хамраараа авч гаргана. Ярилцлагын төгсгөлд ажил олгогчид талархал илэрхийлж, хэзээ хэрхэн холбоо барьж ярилцлагын хариу өгөхийг асууж болно.  

Ярилцлагын дараа

Ярилцлага дууссаны дараа гэртээ ирээд дэвтэр дээрээ ярилцлагын үеэр асуусан асуулт, хариулсан байдлаа өөрийн санаж байгаагаараа сайтар тэмдэглэн аваарай. Энэ нь дараа дараагийн ярилцлаганд ороход алдаагаа засах, хариултаа улам сайжруулахад дөхөм болно.

Хэрэв ажил олгогч өөрийн хэлсэн хугацаандаа холбоо барихгүй бол та имэйл явуулж ярилцлагын хариуг лавлаж болно. Ярилцлагадаа тэнцээгүй бол та яагаад өөрийгөө тэнцсэнгүй вэ гэж гутрах хэрэггүй. Учир нь асуултын хариу нь юу ч байж болно. Гол нь та тэрийг бараг хэзээ ч үнэнээр нь олж мэдэх боломжгүйд оршино. Магадгүй тэр байгууллага зарласан орон тоон дээрээ ажилтан авахаа больсон ч байж болно.

Харин та тэнцсэн бол, баяр хүргэе! Одоо дараагийн шатны ярилцлагадаа бэлдэх цаг боллоо.

 

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?