Аппликейшин татах

Хэрхэн үр дүнтэй ажлын зар бичих вэ?

Ажлын зарыг чанартай бичих нь танд хүссэн ажилтнаа олоход тус болно. Ажлын зар бичнэ гэдэг нь зар сурталчилгаа бичихтэй адил. Зар бичихдээ зорилтот хэрэглэгчдээ мэддэг байж, тэдэнд ойлгогдохуйц үг хэллэгээр тэдний хүссэн зүйлийг нь санал болгох хэрэгтэй. Ажлын зар нь ажил хайгчид танай байгууллагын талаар анхны сэтгэгдэлийг төрүүлдэг бөгөөд энэ нь цааш цаашдын шийдвэр гаргалтанд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Ажлын зар яг л соронз мэт үйлчилж, хамгийн шилдэг сайн мэргэжилтнүүдийг танай байгууллага руу татах ёстой. Ингээд ажлын зарыг үр дүнтэй болгох 4 зөвлөгөөг танд хүргэе.

 

 1. Ажлын байрны талаар маш тодорхой мэдээллүүдийг оруулвал ажил хайгч өөрийнхөө мэдлэг ур чадварыг харьцуулж үзээд ажилд бүртгүүлэх эсэхээ оновчтой шийдэж чадна. Мөн ажилд тохирохгүй хүмүүс CV-ээ илгээхийг багасгана. Ажлын байрны давуу талууд болон дагалдах хангамж, нэмэгдэл байдаг бол тэдгээрийг заавал дурдаарай. Жишээ нь улирлын бонус, саруулхан тохилог оффис, гаднаа ажилчдын зогсоолтой гэх мэт. Цалингийн хэмжээ нь зах зээлийн дундажтай ойролцоо эсвэл түүнээс дээгүүр бол цалингийн мэдээллийг ажлын зарт оруулах нь зүйтэй. Цалингийн хэмжээ ил тод байвал ажил хайгч, ажил олгогчийн аль алиных нь цагийг хэмнэнэ.

2. Ажлын байранд тавигдах шаардлагуудыг заавал байх ёстой, байвал давуу тал болно гэж ялгаж салгаж өгөх хэрэгтэй. Хэт урт, нарийвчилсан шаардлагын жагсаалт нь ажил хайгчдыг тухайн ажилд анкетаа илгээхээс татгалзахад хүргэдэг сөрөг талтай. Monster.com дээр зөвлөснөөр бол ажлын байранд тавигдах шаардлага гэсэн хэсэгт 3-7 хамгийн чухал шалгуурыг тавихад хангалттай байдаг гэнэ.

3. Үр дүнтэй ажлын зар бол ажлын байрны тодорхойлолт биш гэдгийг санаарай. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй орхих нь ажил хайгчийг төөрөгдүүлж, тухайн байгууллагын хүний нөөц руу утасдан эсвэл имэйл илгээж энэ ажил дээр яг юү хийх вэ хэмээн асуух хүний тоог нэмэгдүүлэхээс өөр үр дүн авчрахгүй. Тийм учраас ажлын байран дээр гүйцэтгэх үндсэн үүргийг бичих нь зүйтэй.

4. Ажлын зар боловсруулахдаа байгууллагынхаа тухай мэдээллийг заавал оруулна. Үүнийг бичихдээ компанийнхаа PR олон нийттэй харилцах албатай зөвшилцөх нь зүйтэй. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, өсөлт хөгжил, дотоод соёлыг товч маягаар оруулах нь хамгийн тохиромжтой байдаг. Ялангуяа төдийлөн олны танил болж амжаагүй байгаа компаниудын хувьд байгууллагынхаа тухай танилцуулга бичих нь ажлын зарын дагуу ирэх анкетын тоог нэмэгдүүлэхэд тустай.    

Ажлын байр гэдэг таны хувьд зах зээл дээр зарах гэж буй бүтээгдэхүүн гэж үзвэл ажил хайгч нь бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж буй харилцагч юм. Ажил хайгч өөрийн боловсрол, ажлын туршлага, ур чадварыг өндрөөр үнэлдэг. Иймд ажил олгогч яагаад ажил хайгч олон ажлын зар дундаас танай зарыг сонгож CV-ээ илгээх хэрэгтэйг ажлын зараар дамжуулан харуулж чадсан бол үр дүнтэй ажлын зар бичиж чадсан байна хэмээн үздэг байна.   

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?