Аппликейшин татах

Ажил хийдэг ээжүүдийн мөрдвөл зохих 4 дүрэм

Ажил хийдэг ээжүүдэд долоо хоногт дараахь зүйлсийг бүгдийг хийхэд дунджаар 40 цаг л байдаг гэнэ.

 - Гэр цэвэрлэх

 - Хувцас угаах, индүүдэх

 - Хүнс цуглуулах

 - Байрны мөнгө төлөх, хими цэвэрлэгээ орох гэх мэт жижиг сажиг гадуур гүйх ажлууд

 - Хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэх

 - Хүүхдийн цэцэрлэгийн, сургуулийн арга хэмжээнд оролцох

 - Нөхөртэйгөө хамт цагийг өнгөрөөх

 - Найзууд, хамаатнуудтайгаа уулзах

 - Хобби, дуртай юмаа хийх

Ингээд харахаар бидний эргэн тойронд яагаад ийм олон ядарсан, яарсан ээжүүд байдаг нь ойлгомжтой.

Ээж нарын амьдралд тулгарч байдаг бүх асуудлыг шийдээд өгч чадахгүй ч тэдгээрийг даван туулахад дэм болохуйц дараахь зөвлөгөөг хүргэж байна. Гол нууц нь бүгдийг урьдчилан төлөвлөх!

1. Хийх ёстой хамгийн чухал зүйлүүддээ л цаг гаргахаар төлөвлө. Ирж буй долоо хоногийн аль өдөр нь ямар чухал ажлаа амжуулахаа бодоорой.  Мөн хэзээд хийвэл хамгийн бага цаг зарцуулж болохоо тооцоол. Байрны мөнгөө төлөх гэж заавал сүүлийн өдөр нь банкин дээр очиж олон цаг дарааллаа хүлээж суухын оронд сарын эхэн үед төлдөг болчихвол банкны оочер арай бага байна. Амралтын өдрүүдээр онцын шаардлагагүй бол ах дүүсийнхээрээ зочлох гэх мэт гэнэтийн төлөвлөгөө гаргаад хэрэггүй. Хийхээр төлөвлөсөн, заавал амжуулах ёстой ажлуудаа цагт нь хийхийг хичээ.

2. Өглөө гэрээсээ ямар нэгэн юмаа марталгүйгээр гарч, хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа цагтаа ирнэ гэдэг ээжүүдийн хувьд марафонд гүйхтэй ойролцоо зүйл болдог. Үүний шийдэл нь өглөө хийдэг зүйлсээ багасгах юм. Ингэхийн тулд урьд өдөр нь маргаашийн бэлтгэлээ аль болох сайтар базаана. Хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө өмсөх хувцас, авч явах ёстой зүйлсээ үүдэндээ бэлдээд тавь. Мөн хүүхдүүдээ сэрэхээс өмнө босч сурвал чимээгүй орчинд аяга кофе ууж, хувийн бэлтгэлээ хангаж тухайн өдрийг тайван, эерэг хандлагаар хүлээн авч өнгөрөөхөд туслана.

3. Бусдын тусламжтай асуудлыг шийдэж, амарчилж хөнгөвчлөх арга замыг эрэлхийл. Өдөржин ажиллаж ядарсан ээж нарт ажлаа тараад оройн хоол хийнэ гэдэг тийм ч амар биш. Үүнийг шийдэх олон арга бий. Долоо хоногийн менюгээ гаргаад түүндээ тохирсон хүнсээ л цуглуул. Ингэх нь цаг, мөнгө хэмнэсэн арга болно. Бас боломжтой бол автомат цагны тохирүүлгатай хоол чанагч авахад илүүдэхгүй. Орой ажлаасаа ирэхэд гэрээс тань сайхан үнэр ханхалж угтах болно. Эсвэл хоолны бэлдэцээ арай завтай өдрөө бэлдээд хөлдөөж хадгалж болно. Хүүхдүүдээ гал тогооны ажилд туслуулангаа тэдэнтэй ярьж хөөрөх нь ээж хүүхдийн харилцаанд маш эерэг нөлөөтэй байдаг байна. “Энэ чадахгүй, би өөрөө хийвэл илүү хурдан” гэсэн сэтгэлгээгээр хандаж, таны анхаарлыг өөр дээрээ тусгахыг хичээж буй хүүхдэдээ “Ээж нь хоол хийгээд завгүй байна, дараа нь чамтай ярья” гэж хариулахаас хавьгүй илүү үр дүнтэй. Хэрвээ ажил дээрээ оройтохоор болвол нөхрөөсөө оройн хоол хийхийг гуйж болно. Тэгээд хийсэн хоолыг нь бүү голоорой. Хамгийн чухал нь ажил хийдэг ээж бүгдийг ганцаараа бие дааж хийнэ гэдэг бараг л боломжгүй зүйл гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Бас бүх юм үргэлж төгс төгөлдөр байх шаардлагагүй. Хүүхэд гаргахаас өмнө та гэрийнхээ шаланд өөрийгөө тольдож болохоор байдаг байсан бол хүүхдүүд томорч тусдаа гарах хүртэл тийм боломж байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Зөв зүйлдээ ач холбогдол өгч түүнээсээ урам авах нь аз жаргалтай амар жимэр амьдралын нэгэн түлхүүр билээ.

4. Өөрийгөө хувь хүн гэдгээ хэзээ ч бүү март. Ээжүүд гэдэг үр хүүхдээ эрүүл энх өсгөж, зөв хүмүүжүүлж, ханьдаа халамжтай, хүлээсэн ажил үүрэгтээ эзэн болж амжилт гаргахаар асар их ачаалал тээн явдаг хүмүүс. Энэ бүх зүйлийн дунд өөрийн эрч хүч, сэтгэлийн тэнцвэрээ оновчтой хадгалахын тулд өөртөө заавал тогтмол цаг гаргаж, дуртай зүйлээ хийж хэвших нь гэрлэлт болон карьерын амжилтанд шууд нөлөөлдөг байна. Хобби сонгохдоо аль болох биеийн дасгал хөдөлгөөн оролцуулсан, гэр бүлийнхнээсээ тусдаа хийж болох, эерэг цэнэг өгдөг зугаатай зүйлийг сонгоорой.         

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?