Аппликейшин татах

Удирдлагатайгаа зөв харилцах арга

Америк, Канад, Австрали зэрэг оронд жил бүрийн 10 дугаар сарын 16ны өдрийг Дарга нарын баярын өдөр National Boss`s Day болгон тэмдэглэн өнгөрүүлдэг гэнэ. Энэ өдөр ажилтнууд нь дарга удирдлагадаа өөрсдийн талархсан сэтгэлээ илэрхийлж, зурагт мэндчилгээ зэргийг илгээдэг гэнэ. Иймэрхүү нээлттэй харилцаатай байж чадна гэдэг сайхан ч харамсалтай нь олон ажилтны хувьд удирдлагатайгаа таатай харилцаатай байж чаддаггүй. Тэгвэл танд сайхан мэдээ дуулгая. Ажил дээрх дарга ажилтны харилцааг засаж сайжруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

 

Ямар ч ажилтны хувьд дарга, удирдлагатайгаа сайн харилцаатай байх нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, ажлаа илүү тааламжтай хүлээн авч ажлаасаа болж стрессдэх нь багасна. Стресс багатай байна гэдэг таны эрүүл мэндэд тустай. Хоёрдугаарт, таны удирдлага таныг байгууллага дотроо тушаал дэвших болон зарим тохиолдолд өөр бусад байгууллагад дэвшин ажиллах эсэхэд хамгийн их нөлөөлж чадна. Одоо үед ихэнх байгууллагууд шинэ ажилтан ажилд авахдаа өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт шаарддаг болсон. Даргатайгаа сайн харилцаагүй бол таныг компанийн хамгийн шилдгүүдийн нэг гэж үнэн сэтгэлээсээ тодорхойлох нь юу л бол. Гуравдугаарт, даргатайгаа сайн харилцаатай байна гэдэг хэн хэндээ хэрэгтэй. Бид ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг тул тэр газар маань бидний байх дуртай, харилцах дуртай хүмүүсээр дүүрэн байна гэдэг зүгээр л тустай хэрэг биш гэж үү. 

 

Дарга ажилтан хоёрын сайн харилцаатай байх үндэслэл нь харилцан итгэлцэл дээр суурилсан нээлттэй харилцаа юм. Өөрөөр хэлвэл талууд нэг нь нөгөөгөөсөө ямар хүлээлттэй байгаагаа тодорхойлж, хэрэв аль нэг нь хүлээлтэд хүрч чадахгүй байвал энэ талаар ний нуугүй ярилцаж, бие биедээ ажил гүйцэтгэлийн талаар бодитой дүгнэлт өгч чаддаг байна гэсэн үг юм. Таны дарга таны талаар ямар бодолтой явдгийг та мэдэх үү? Мэддэггүй бол та хоёрын харилцаанд сайжруулвал зохих зүйлс нилээн байна гэж дүгнэж болно. Харин та даргынхаа хэр сайн удирдагч, манлайлагч, салбартаа хэр сайн мэргэжилтэн бэ гэдэг талаар ямар нэгэн дүгнэлт тээн явдаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.   

 

Ихэнх хүмүүс даргадаа тал засах, эсвэл даргын ажил дээрх хамгийн сайн найз болохыг оролдох, дүр эсгэх нь нааштай үр дүн авчирна хэмээн эндүүрдэг. Ямар ч дунд, дээд шатны менежер, дарга хүн хэдийд ч итгэлийг нь алдахгүй өгсөн даалгаварыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэдэг ажилтанд хамгийн дуртай байдаг, хамгийн түрүүнд тэр ажилтныхаа цалинг нэмдэг, тушаал дэвшүүлэхийг санал болгодог. Учир нь тийм л найдвартай ажилтны хүчээр байгууллага урагш ахидаг гэдгийг менежер хүн мэддэг, тийм ажилтнаар өөрийгөө хүрээлүүлэхийг хүсдэг. Даргатайгаа таарамжгүй байснаас болж ажлаасаа гарна гэдэг шалтгаан нийт ажлаасаа гарсан хүмүүсийн дунд нилээд өндөр хувийг эзлэдэг байна. Та даргадаа дуртай байх албагүй, харин хамтарч ажиллаж чадах чадвартай байх хэрэгтэй. Ингээд даргатайгаа хэрхэн зөв харилцах талаар зөвлөгөөг хүргэе.

1. Өөрийгөө даргынхаа оронд тавиад үз. 

Таны дарга ч бас урдаа ажилтай хүн. Тантай адил цаг хугацаатай уралдсан дарамт шахалт дор ажиллаж байгаа. Таны ажил хэр их байгааг дарга тань мэддэг бол таны мэддэггүй өөр маш олон ажил даргын тань ширээн дээр овоорч байдаг гэдгийг бодолцох хэрэгтэй. Нэг үгээр хэлвэл даргыгаа илүү ойлгож хандах хэрэгтэй гэсэн үг юм.

2. Өөрийнхөө үнэ цэнээ харуул.

Таны ажил олгогч байгууллага таны чадвар мэдлэгийг үнэлсэн учраас л таныг ажилд авсан. Тийм учраас та өөрийнхөө байгууллагадаа үнэ цэнээ бодитоор оруулж буй гэдгээ байнга даргадаа харуулах хэрэгтэй. Удирдлагынхаа таны хийж буй ажил үүргийн талаар асуух магадлалтай асуултад хэрхэн хариулахаа бэлдэж, тулгарч буй асуудалд бодит шийдвэрүүдийн хувилбарыг ч бэлдэх хэрэгтэй. Ийм байдлаар өөрийнхөө санаа бодлыг нээлттэй илэрхийлдэг байвал таны удирдлага танд итгэх итгэл нэмэгдэнэ. 

3. Даргатайгаа хэдийд хэрхэн харилцах нь зохимжтойг олж мэд. 

Таны дарга нэг өгүүлбэрт багтахуйц товч имэйл хүлээн авахыг илүүд үздэг үү эсвэл маш дэлгэрэнгүй бичсэн тайлан унших дуртай юу? Мөн долоо хоногийн аль өдөр нь тусгайлан уулзах нь зохимжтой байдгийг мэдэхэд илүүдэхгүй.  

4. Даргаасаа санаа бодлыг нь асуу.

Даргаасаа өөрийнхөө өнгөрсөн сарын гүйцэтгэл хэр байсан, өөрийнхөө хэр чанартай ажиллаж байгааг асуухаас бүү ай. Ингэх нь таныг өөрийнхөө ажлын гүйцэтгэлийн тал дээр бодит дүгнэлт хийж, алдаа дутагдалаа засаж сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулна. Танай байгууллага сар бүр менежер нь ажилтан бүртэй тусгайлан уулзаж гүйцэтгэлийн үнэлгээ хийхийг шаарддаггүй байсан ч ажилтан нь өөрөө санаачлагыг гартаа авахад буруудахгүй. Эцсийн бүлэгт та өөрийгөө сайн, дунд, муугийн хаана явааг мэдэх хэрэгтэй. 

5. Тусламж санал болго. 

Өөрийнхөө санаачлагаар даргынхаа аль нэг ажилд туслахыг санал болго. Зөвхөн ажлын байрны тодорхойлолтондоо тусгасан ажил үүргийг хийгээд л болчихдог ажилтан нэг их хол явж чаддаггүй. Бусдыг асуугаагүй байхад чадах ядахаараа туслахыг хичээдэг хүн жинхэнэ багийн тоглогч байдаг. Удирдлагад багийн тоглогч шиг хэрэгтэй хүн үгүй.

Эдгээрээс гадна даргыгаа хүндэлж, оффисын хов живнээс холуур байх нь хэзээ ч буруудахгүй гэдгийг санаарай. 

Бид танд шинэ нийтлэл имэйлээр илгээх үү?